Хамгийн бяцхан орон ч хамгийн их хайранд хангалтай уудам. Жижигхэн байх тусмаа тэр зүрхэнд ойр. Вильгельм Мюллер

Thursday, May 15, 2014

Түүхэн хувьсгал-1911, 1921 онууд

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал
Улиастайн 2000 цэрэг ба хотын ардын бослого, Сэцэн хан аймгийн бэйс Сансрайдоржийн хошууны ардын хөдөлгөөн, 1905-1907, 1910-аад онуудад Их хүрээнд гарсан лам, ардын бослого, Ард Аюушийн хөдөлгөөн зэрэг тэмцэл хөдөлгөөнүүд нь нийлэн нэгдсээр 1911 оны цагаагчин гахай жил гэхэд бүх орныг хамарсан үндэсний эрх чөлөөний хувьсгал болон өрнөжээ. Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах шууд шалтгаан нь монголчуудыг хүчээр хятадчилан уусгах “Шинэ засгийн” бодлого гэгчийг явуулсанд оршино. Энэхүү “Шинэ засгийн бодлого” нь Монгол нутагт хятадуудыг үй олноор нь шилжүүлэн суурьшуулах, Монголын хүн амыг хятадчилах, байгалийн баялгийг их гүрнүүдтэй нийлэн цөлмөх, Монголыг Манжийн (Хятадын) засаг захиргааны шууд нэг хэсэг, дотоод муж болгон хувиргах зэрэгт чиглэгдэж байв. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчид нь VIII Богд Жибзундамба хутагт, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Харчин түшмэл гүн Хайсан, Сайн ноён хан Намнансүрэн нар болон тэдний хамтран зүтгэгч, төрийн зүтгэлтэн Тү шээт хан аймгийн засаг ноён Чагдаржав, Махасамади Далай Сэцэн хан Навааннэрэн, Сэцэн хан аймгийн улсад туслагч гүн засаг Намсрай, Сэцэн хан аймгийн улсад туслагч жүн ван Гомбосүрэн нар, цэргийн баатар зүтгэлтэн Манлай баатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Шударга баатар Бавуужав, Ялгуун баатар Сумъяа, Зоригт баатар Тогтох зэрэг олон хүнийг дурдаж болно.Манжаас тусгаар болохын тулд эхлээд Хүрээнд байсан манжийн Сандо амбанг зайлуулах шаардлагатай болсон юм.2 дугаар сарын 4-д орос цэргээр хамгаалуулан Хиагтаар дамжин Монгол нутгаас гаргав.1911 оны 12 сарын 29нд Олноо Өргөгдсөн Монгол улсыг байгуулж, Богд хааныг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөв. Олноо Өрөгдсөн Монгол улс яам нь 5 яамдаас бүрдэж байв. Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам Чин ван Ханддорж/одоогийн гадаад хэргийн яам/, Цэргийн яам Эрдэнэ далай ван Гомбосүрэн/одоогийн батлан хамгаалах яам/, Сангийн яам Түшээ гүн Чагдаржав/ одоогийн сангийн яам/, Шүүх яам Эрдэнэ ван Намсрай, Дотоод явдлын яам Да лам Цэрэнчимэд /одоогийн хууль зүй, дотоод хэргийн яам/ нарын сайдтайгаар байгуулагдав. Эдгээр сайд нарын эрх мэдлийн зөрчилдөөний улмаас тэдний дээр ерөнхий сайдаар Сан ноён хан Намнансүрэнг томилжээ.
1921 оны Ардын хувьсгал
1919 онд Оросын консулын сургуулийн багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг, гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Консулын бүлгэмд Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс байсан бол Зүүн хүрээний нууц бүлгэмд Цэргийн яамны түшмэл Д.Догсом, Магсаржав хурцын Дугаржав, Д.Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйлал, феодализмыг эсэргүүцэн ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн байна. 1920 оны 6-р сарын 25-ны хурлаар Монгол Ардын Нам гэж нэрийдэж Анхны долоо Зөвлөлт Орос улс руу явахаар болжээ.1920 оны 7-р сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг Далай лам Пунцагдоржийн  тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. 1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ луу буцаад иржээ.1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, Түр засгийн газрыг байгуулан намын даргаар Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилогдсон байна.1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлөх тулааныг  хийн уг хотыг эзлэн авчээ.1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан байна.1911 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залж шашин төрийг хослуулан бариулсан бол 1921 оны хувьсгалаар ч мөн Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоосон ач холбогдолтой болжээ. Мөн уг хувьсгалаар нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан феодализм, хамжлагат ёсыг халсан байна.1924-өөс 1989 хүртэлх социалист засаглалын он жилүүдэд Ардын хувьсгалыг социалист хувьсгал хэмээн гуйвуулан тунхаглаж байжээ. 1924 оноос Чойбалсан тэргүүтэй зарим төр засгийн удирдагчид Коминтерны тусламжтайгаар засгийн эрх мэдлийн булаан авч Бодоо, Данзан, Чагдаржав зэрэг Ардын хувьсгалын удирдагчдыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар аван зайлуулснаар Монгол улсын нийгмийн хөгжлийн чиг хандлагад социализмыг баримтлах болжээ.


0 comments:

Post a Comment